Ажлаа аваагүй Ж.Мөнхжаргал МАН-ын бүлгийн ажлын албыг бужигнуулж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван Гадаад харилцааны сайдаар томилогдож буй.

Түүний оронд Улс төр судлаач Ж.Мөнхжаргал очихоор болжээ. Ж.Мөнхжаргал нэгэн цагт УИХ-ын дарга М.Энхболдын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Тэрээр намынхандаа ч шүүмжлэлтэй ханддаг нэгэн аж.

Ж.Мөнхжаргал өнгөрсөн УИХ-ын үед УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа “Улс төрийн соёлтой оронд авилгач, хулгайчдыг намууд нэр дэвшүүлдэггүй, бие даагаад дэвшлээ ч нийгэм нь дэмжихгүй, хүчтэй эсэргүүцдэг. Манайд хуулийн хамгаалалтад орох гэж хулгайчид парламент руу шуурдаг боллоо. Эх оронч дүрд хувирч, ардын хүү болж жүжиглэдэг. Үүнд нь олон нийт итгэдэг. Дээрээс нь “Мөнгө төлж, мөнгө тарааж” орсон хүн мөнгөө л олох гэж зүтгэдэг. Жишээ нь ЖДҮчид ордонд биш шоронд байх ёстой биш үү” хэмээн ярьж байв.

Мөн сая болж өнгөрсөн сонгуулийн тогтолцоог “1992, 2008 онуудад УИХ-ын сонгуулийг том мажоритар тойрогт явуулж байсан туршлагатай. Энэ шинэ зүйл биш. Том тойргийн давуу тал том бодлого ялах магадлалтай. Жижиг тойрогт хэрэглэгддэг шилжүүлэгтэй сонгогч буюу “Царцаа”, мөнгө тараах, гинжлэх зэрэг үйлдлүүдийн үр нөлөө буурдаг. Нөгөө талдаа нэг намын нэр дэвшигчид хоорондоо үзэлцдэг гэмтэй. Нэгээр гарах гэж мандатын тоонд багтах гэж хоорондоо уралддаг. Энэ нь маргаан, мөргөлдөөний хэмжээнд хүрч ширүүсэхийг үгүйсгэхгүй. Мөн том тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дугуйлах ёстой гэж тулгадаг нь сонгуулийг албадлагын шинжтэй болгодог. “Заавал дугуйл, дэмжихгүй ч бөглө” гэж тулгах нь хүслийн эсрэг үйлдэл. Ардчилсан чөлөөт сонгууль бол сонголт хийх боломжтой байхаас албадлага байж таарахгүй” гэж байлаа.

Үүнээс гадна Ж.Мөнхжаргал УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар очоод тус албаны нөхдүүдийг солихыг нь сольж, хариуцлага тооцож ажиллана гэдгээ албан бусаар илэрхийлжээ.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаныхан сүүлийн хэд хоногт бужигнаантай байна. Шинэ дарга ирж элдэвлэхээс өмнө “аргаа олж” ийш тийш ажил хайсан хүмүүс нэлээд хэд болжээ.

Эх сурвалж: news1.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close