“Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-ынханд зарсан хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар шалгах саналыг НПГ хэрхэх бол

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монгол зэс” (Монголиан коппер корперейшн) ХХК 2016 онд худалдаж авсан нэлээд хэл ам дагуулж буй. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан нь холбогдох бичиг баримтуудаар тодорхой болсон байдаг.
Ийнхүү татгалзсанаар “Монгол зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн билээ. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм.
Хоёр улсын Засгийн газар шийдвэр гаргаагүй байхад “Монгол зэс”-ийнхэн мөнгөө шилжүүлсэн байжээ
Үндсэн хуулийн цэцэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдсан нь эх хуулийг зөрчсөн, эсэхийг хэлэлцэх хурлын үеэр хэд хэдэн баримт ил болсонюм.
Тухайлбал, дээрх шийдвэрийг гаргасан Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ.
Түүнчлэн,
ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад буюу “Монгол зэс” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Уг 5.02 сая ам.долларыг манай талаас төлөх төлбөрт тооцсон баримт бий аж.
Харин энэ их хэмжээний ам.долларыг хэрхэн босгов?
“Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компани 2016 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуутаа “Монгол зэс” ХХК-д дамжуулан зээлдсэний зэрэгцээ зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрүүгүй нэг ижил загвараар үйлдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой байна.
Нэгтгэн дүгнэж үзвэл, төлбөрт шилжүүлсэн гэх дээрх 400.27 сая ам.доллар нь Д.Эрдэнэбилэг эзэнтэй Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас эдгээр банкны гол хувьцаа эзэмшигчийн, эсхүл түүний шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан компаниудад халхавчийн гэрээ, барьцаагүйгээр олгосон зээл байна.