Нийслэлд хэрэгтэй нэр дэвшигчид

Орон нутгийн сонгууль аль хэдийнэ эхэлчихсэн. Нэр дэвшигчид тодорсон. Удахгүй сурталчилгаа эхэлнэ. Хорь гаруйхан хоногийн дараа санал хураалт явагдана.

Эрх баригч МАН байр сууриа хадгалж өгөх үү. Аль эсвэл хяналтыг бий болгож АН, МАХН, ШИНЭ намын “хамтрал”-ыг дэмжих үү. Энэ асуултад хариулт өгсөн сонгууль болох юм.

Хөдөө орон нутгийг бодвол нийслэлд илүүтэй энэ хоёр хүчний өрсөлдөөн болж мэдэхээр байна.

Өмнөх сонгуулиудыг бодвол ажин түжин өдөр хоног өнгөрч буй ч 1992 оноос хойш ардчилсан зарчмаар сонгууль өгөөд сурчихсан сонгогчид хэдийнэ сонголтоо хийчихсэн ч байж мэднэ.

Учир нь тойрогтоо танигдсан, толгойдоо бодолтой нэлээд нэр дэвшигчид НИТХ-д нэр дэвшжээ.

Ер нь бол тэдэнд НИТХ-ын төлөөлөгчийн суудал хэрэгтэй гэхээсээ тэднийг нийслэлийн хөгжилд хэрэг тус болох хүмүүс гэчихэд хэтийдэхгүй.

Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нийслэлд хэрэгтэй зарим хүнийг онцолъё.

 

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа овог нь шахам болсон Баянзүрх дүүргийнхээ 7-р тойрогт нэр дэвшсэн байна. Эдийн засагч мэргэжилтэй Д.Пүрэвдаваа нь “Интернэт хаус” ХХК-д менежер, “Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, “Петровис” ХХК-д менежер, “Цэнан” ХХК-д гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Нийслэлийн АН-ын даргын албыг хашдаг. Д.Пүрэвдаваагийн тухайд асуудлыг ужигруулаад байх бус цаг хугацаанд нь шийдэл гарцыг нь олоод хийгээд явахыг чухалчилдаг нэгэн гэдгийг нь мэдэх хүмүүс нь хэлдэг.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баянгол дүүргийн 2-р тойрогт нэр дэвшсэн байна. Тэрээр эрх зүйч мрэгжилтэй. УИХ -ын гишүүний бие төлөөлөгч, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж ирсэн. Нийслэлийн ажлыг хамгийн сайн мэдэх нэр дэвшигчдийн нэг бол тэр мөнөөс мөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг амжилттай удирдаж үр дүнд хүрсэн.

Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 13-р тойрогт нэр дэвшжээ. Э.Батшугар АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэсэн. Же Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн.  Сонгинохайрхан дүүргийн 13-р тойргийнхны хувьд Э.Батшугарын CV-тэй танилцах шаардлага байхгүй. Тэд мэднэ. Харин нийслэлийн хөгжлийг нэн хурдасгахад оруулах хөрөнгө босгох ажилд Э.Батшугарын мэдлэг туршлага онцгой хэрэгцээтэй. Учир нь Э.Батшугар АНУ-ын Же Пи Морганд ажиллаж байхдаа компанийн үнэлгээ хийх, хөрөнгө босгох зэрэг санхүүгийн зах зээл рүү хандсан үйл ажиллагаанд түлхүү оролцож байсан туршлагатай.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн дүүргийнхээ 19-р тойрогт нэр дэвшжээ. Хуульч мэргэжилтэй тэрээр Монголын Хөрөнгийн биржийн харьяа “Мэргэн санаа” брокер, диллерийн компанид туслах ажилтан, дилер, гүйцэтгэх захирал, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар сүү” ХХК-ийн захирал, “Номин холдинг” ХХК-д салбарын эрхлэгч
“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн, “Энко трейд” ХХК-д бизнесийн зөвлөх, ХУД-ийн МАН-ын хорооны дэд дарга, Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” ТББ-ийн тэргүүн, 2016 оноос Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж иржээ. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийг архигүй, хоггүй “эко” дүүрэг болгохын төлөө идэвхийлэн ажилласан. Хэдийгээр хэлэхэд хоёрхон үгэнд багтах ч өнөөгийн нийслэлийн “шүдний өвчин” болсон асуудлууд юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах дүүргийнхээ 5-р тойрогт нэр дэвшжээ. Түүний ажил хийгээд амьдрал Баянзүрх дүүрэгтэй нь салшгүй холбоотой. Бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн Т.Баясах “Тэнгэр” ХХК-д менежер, төслийн менежер, гадаад харилцааны менежер, “Глобал фүүд” ХХК захирал, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Засаг даргын албан томилогдсон.

Т.Баясах дарга дүүргийнхээ иргэдийн нийгмийн асуудал, хүний хөгжилд илүүтэй анхаарал хандуулдаг. Энэ нь түүний 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан  орлогчоор ажиллаж байсантай холбоотой байж мэдэх юм. Өөрөө ч хэвлэлд ярихдаа “Нийслэлийн хэмжээнд нэн тулгамдаад байгаа нэг асуудал нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин. Манай дүүрэг хамгийн олон хүн амтай, тэр дундаа хүүхэд, багачуудын тоо ч олон. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг” гэж байв.

Тэд ийм л хүмүүс. Дор бүрнээ мэргэжлийн, ажлын арга барилын, туршлага чадварын онцлогтой. Гэвч улс төрийн голдуу шалтгаанаар ийм залуусыг гүтгэж муулдаг явдал манайд элбэг. Тэр тусмаа аливаа сонгуулийн үеэр нэр дэвшигчид рүү “хар будаг” цацдаг.  Ер нь аливааг шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Түүний оронд, тэдний байранд өөрийгөө тавьж үзээд “Тэдний хийдгийг, хийхийг би чадах уу” гэж бодоод, хараад үзвэл бас нэг “юм” бодогдоно шүү.

 

Эх сурвалж: songogch.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close