Солонгосын конгломерат гэр бүлүүд чэйбол доторх гэрлэлтийг илүү сонирхох болжээ

Өмнөд Солонгосын конгломерат эзэмшигч гэр бүлүүд улс төрийн гэхээс илүүтэй ижил түвшний чэйбол (конгломерат гэр бүл) нартай гэр бүлийн харилцаа тогтоох сонирхол ихтэй байгааг өнгөрсөн лхагва гаригт цацагдсан дата мэдээлэл харуулсан байна. Өнөөгийн конгломерат эзэмшигчдийн үр удмын дийлэнх нь өөр “чэйбол хүүхдүүд”-тэй гэрлэсэн нь бизнесийн нөлөө бүхий тойргийн харилцаан дотроо өв хөрөнгөө залгамжлуулах хүсэл их байгааг илэрхийлж байгаа талаар koreaherald-д мэдээлжээ.

CEO Score-ийн гаргасан судалгаагаар 317 чэйбол гэр бүлийн 153 нь буюу 48.3 хувь нь ижил түвшний чэйболуудтай гэр бүлийн харилцаа тогтоосон байна. Энэ судалгааг Шударга өрсөлдөөний комиссоос томоохон бизнесийн групп хэмээн тодорхойлогдсон, тодорхой гэр бүлүүдийн удирдаж буй 55 конгломератаас авчээ. Эцэг эхийнх нь үе буюу өмнөх үед чэйбол хоорондын гэрлэлт 46.3 хувьтай байсан бол энэ тоо хүүхдүүдийнх үед 50.7 хувь болж өссөн. Харин дата мэдээллээр улс төрийн хамааралтай гэрлэлт нь өмнөх үед 28-аас долоон хувь болон буурчээ. Мөн конгломерат гэр бүлүүд нь өндөр байр суурьгүй энгийн иргэдтэй гэр бүл болох нь нэмэгдэж байна.

CEO Score-ийн ахлах Парк Жү Гүн “Өнгөрсөнд, томоохон бизнесүүд нь улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хувийн харилцаа тогтоохыг чухалчилдаг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх хэрээр бизнесийн ертөнц нь хүчирхэгжин мөн бие даасан байдлаа хангасан учраас тийм зүйлийн шаардлагагүй болсон. Үүний оронд конгломератуудын хувьд өв хөрөнгийн залгамж гэдэг нь чухал зүйл болоод байгаа” гэсэн байна. Гэр бүлийн харилцаа хамгийн олон үүсгэсэн конгломерат нар нь Жи Эс /GS Group/ болон Эл Эс /LS Group/ групп юм. GS группийн хувьд Күмхо Пэтрокэмикал /Kumho Petrochemical/, СэА / SeAH/, Тэйкван /Taekwang/, ЭлАяЖи /LIG/, Биюоксан /Byucksan/, Ази /Asia/, Сампюу /Sampyo/ болон Бубанг /Bubang/ компанийнхантай худ ургийн холбоотой болжээ. Харин LS группийн хувьд Досанг /Doosan/, Киско Холдинг /Kisco Holdings/, Өү Си Ая /OCI/, Би Жи Эп /BGF/, Чиёнил Пасинжир /Cheonil Passenger/, Сажо /Sajo/, Хьюндай Мотор /Hyundai Motor/ болон Сампёо /Sampyo/-гийнхонтой гэр бүлийн хүрээний харилцаатай болцгоосон байна.

Өнгөрсөн аравдугаар сард Аморэпасифик /Amorepacific/-ийн ерөнхийлөгч Сиё Куюнг Бэй-гийн ууган охин Сео Минг Жиёон, Бокванг /Bokwang/ хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч Хонг Сеок Жүн-ийн ууган хүү Хонг Жиёон Хван нарын гэрлэлт хэвлэлүүдийн мэдээний гол сэдэв болж байсан юм. Ханхуа групп /Hanwha Group/-ийн гурав дахь үеийн өв залгамжлагч болон Ханхуа Солюшин /Hanwha Solution/-ий CEO болох Ким Донг Гван нь чэйболоос гаралгүй эмэгтэйтэй өнгөрсөн жил гэр бүл болж байсан. Мөн Сэллтрион /Celltrion/-ий гүйцэтгэх захирал Сео Жүн Сеок болон Хобан /Hoban/ барилгын компанийн CEO Ким Дэе Хион нар өөрийн гэр бүлийн хүнээ чэйболоос ангид хүрээллээс олжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close