Германд хөлбөмбөгчид Үсээ засуулсан нь шуугиан тарив. Харин манайд…

Хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй. Энэ бол Ардчиллын алтан дүрэм. Өнөө цаг дор алс холын Германд байна уу, манай Монгол Улсад байна уу, ялгаагүй олон улсад үйлчлэх ёстой хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм. Коронавирусийн цар тахлын дэгдэлтийг хязгаарлах зорилгоор Германд тогтоосон хорио цээрийн дэглэмд, манай Улаанбаатар хоттой нэгэн адил үсчний газрын үйлчилгээг түр зогсоохоор зааж шийдвэрлэсэн байна.

Гэтэл тус улсын хөлбөмбөгийн АШТэмцээн Бундеслигийн тоглолтын үеэр талбайд гарсан алдар цуутай хөлбөмбөгчид энэхүү хориог зөрчиж үсээ засуулсан байгаа нь телевиз үзэгчдэд ил тодорхой харагдаж буй аж. Иймээс үсээ засуулж чадахгүй байгаа жирийн иргэд Германы Үсчний төв ассоциацад хандаж хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэйг сануулаад үсчний үйлчилгээ чухам ямар замаар хөлбөмбөгийн од тоглогчдод хүрээд байгаад албан ёсны тайлбар өгөхийг шаардсан байна.

Тус ассоциац иргэдийн асуултын хариу болгож энэ сэдвээр Германы хөлбөмбөгийн холбоо (DFB)-ны Ерөнхийлөгч Фриц Келлерт ил захидал илгээснээ байгууллагынхаа фейсбүүкт тавьж олон нийтэд хүргэлээ. Уг ил захидалд “Бид сүүлийн өдрүүдэд талбайд тоглохоор гарсан хөлбөмбөгчдийн олонх нь шинээр үсээ засуулсныг хараад маш их гайхсан. Тэдний үсний засалтыг, захалгаа цэвэрхэн, хүзүү шилний болон чихний дээгүүрх тайралт гэх мэт, харахад мэргэжлийн үсчнээр стандартын зохих түвшний үсчний газраар үйлчлүүлсэн болох нь тодорхой байна” гэж дурдаад ““Хөлбөмбөгчид үсээ засуулсныг харсан хүмүүс тэдэнтэй барьцаж манай салбарын нийт ажиллагсдыг дарамталж үсчингүүдийг нууцаар үсээ засч өгөхыг ятгаж, түүнчлэн дуудлага үйлчилгээгээр гэртээ ирэхийг шаардаж эхэллээ…Хөлбөмбөгчид нь хүүхэд, залуучуудад төдийгүй нийт олонд үлгэр дуурайлал болох ёстой. Иймээс манай салбарын үйлчилгээг түр хориглосон хугацаанд хөлбөмбөгчдийг хорио цээрийн дэглэм зөрчиж үсээ засуулахгүй байлгах талаар танай Хөлбөмбөгийн холбоо ямар алхам хийх вэ, энэ талаар авсан арга хэмжээнийхээ тухай хариу ирүүлнэ үү. Цар тахлын эсрэг хамтдаа алхацгаая” гэжээ.

Германчуудын нэгэн адил бидний Улаанбаатарчууд ч гэсэн цар тахлын эсрэг хамтдаа алхацгаая гэсэн уриан дор коронавирусийн халдвар тархахаас сэргийлж үйл ажиллагааг нь түр зогсоосон үсчний үйлчилгээг авахгүй толгойтой үсээ сэгсийлгэж яваа. Германд дэгдсэн дээр дурдсан шуугиан нь нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар тэргүүтэй, телевизээр гардаг албаны хүмүүст, энд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар орно, Улаанбаатар хотод үсчний үйлчилгээ ажиллуулах зөвшөөрөл олгохоос өмнө үсээ засуулж, “хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн Ардчиллын алтан дүрэм зөрчиж алдаа гаргахаас сэрэмж сургамж болно байх аа.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close