Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийг УИХ “Рио Тинто”-гийн лоббигоор гацаагаад байна уу?!

Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа УИХ-д хоёр удаа өргөн барьсан.
Эхлээд 2018 оны 6 дугаар сарын 19-нд, дахиад мөн оны 10 дугаар сарын 12-нд өргөн барьжээ.
Ерөнхийлөгчийн төсөлд
Валютын зохицуулалтын тухай хуульд:
“10.Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэж нэмэлт оруулах, Төвбанкны тухай хуульд: “6/ хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд багтаж байгаа юм.
Энэ Монгол Улсын хувьд маш чухал төсөл, монголчууд Ерөнхийлөгчдөө үүнийг санаачилсных нь төлөө талархах ёстой.
Яагаад гэвэл УИХ энэ төслийг баталбал “Оюутолгой” ХХК-ийн орлого манай Төвбанкаар дамжиж, Монгол Улсад эдийн засгийн томоохон ач холбогдол үзүүлэх юм.
Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан энэ төсөл өнөөдрийг хүртэл УИХ дээр дараастай өнжлөө.
Нэмээд М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн яг энэ хуультай холбоотой төсөл санаачилсан байх юм.
Анх байгуулсан ажлын хэсэг нь ч өөрчлөгдөж, зарим гишүүн үүнд оролцохоос татгалзсан зэрэг ноцтой явдлууд болжээ.
Иймээс 2020 оны 12 дугаар сарын 7-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлжээ. Түүндээ 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн байна.
Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Үүнээс хойш 2 жил 2 сар орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан юм.
Харамсалтай нь уг хуулийн төслийг эцэслэн батлах, амьдралд хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдийн зүгээс идэвх санаачилга гаргаагүй, арга хэмжээ огт аваагүй байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11 дэх заалтад тусгасан “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгаалах зорилгоор Монголбанктай хамтран боловсруулсан. Дээрх заалт батлагдсан өдрөөсөө хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан” талаар энэ албан бичгээрээ сануулсан байна.
Мөн тэрээр Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэдгийг анхааруулжээ.
Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөсөн юм.
Үүний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ингэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан шинэчлэн байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар батлав.
Хэдийгээр энэ төслийг хэлэлцэх ажил эхэлж буй боловч УИХ-ыг “Рио Тинто”-гийн лоббигоор Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг гацаасан уу гэж хардахаар байгаа юм.

 

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close