Цар тахлын улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо өссөөр…

Улсын онцгой комиссоос хөл хориог сунгаж зарим  худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэхээр шийдвэр гаргасан. Гэхдээ цар тахлын тархалт буурахгүй бол хатуу  хөл хорионд оруулахыг Шадар сайд Я.Содбаатар сануулсаар байгаа.
Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн том ажил олгогч. Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд ажлаасаа халагдсан болон чөлөөлөгдсөн иргэдийн тоо  өсч, ажилгүйчүүдийн эгнээг тэлж  7.2 мянган ажил олгогчийн 220.8 мянган даатгуулагчид 44.2 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгожээ.

 

Хувийн хэвшлийн 152 мянган иргэн ажилгүй болжээ

Хөл хорионы улмаас хамгийн их хохирол амсч, хямралд өртсөн нь хувийн хэвшлийнхэн. Бизнес эрхлэгчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйгээс улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэдгийг МҮХАҮ танхим мэдээлсэн билээ. Судалгаагаар хөл хорио энэ оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн тохиолдолд хагас сая ажлын байр цомхотголд орох аж.
Статистик мэдээллээр COVID-19 халдвар дэгдэж, дэлхий дахины асуудал болсноос хойш Монгол Улсад хувиараа бизнес эрхэлдэг гэр бүлийн 44 хувь нь бизнесээ зогсоож, дөрвөн өрх тутмын гурвынх нь орлого буурчээ. Малчин өрхүүдэд ч бас цар тахлын нөлөө хүнд туссан байна. Энэ бол Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран гаргасан “COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны хоёр дахь шатны дүн.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ноос эхлүүлсэн тус судалгаанд цар тахал эхэлснээс үйлдвэр, үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдэд цар тахлын нөлөө хамгийн хүнд тусчээ. Мөн өрхүүдийн бизнес тасрах нь ноцтой хэмжээнд хүрсэн байна.
Харин цар тахлыг дотоодод алдаагүй үед дөрөвдүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх болсноор алдагдлаа дөнгөж нөхөж эхэлж байсан юм. Гэвч Монгол Улс 10 сар тэссэний эцэст халдварыг дотоодод алдсанаар дахин хөл хорионы хатуу арга хэмжээг авсан нь ийнхүү ху­вийн хэвшлийнхэнд хүнд цохилт болов. Эсрэ­гээрээ хөл хорио төрийн алба­ныханд  нөлөө үзүүлсэнгүй.
Төрийн албан хаагчид цалингаа тогтмол авч байна

Төрийн албан хаагчдын 10 хувь нь ажил дээр, бусад нь гэрээсээ ажиллаж байна. Төрийн албан хаагчид хөл хорионд гэртээ байсан ч цалингаа тогтмол авч бас цомхотголд өртөх айдасгүй.
Төрийн албан хаагчид хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 мянган төгрөгийн цалин авч байна. Дундаж цалин нь 750 мянган төгрөг. Хөл хорионы үед ажиллахгүй байсан ч цалинд өөрчлөлт орохгүй, хүн цомхотгохгүй болохыг хэлж байв.
Хэдийгээр халдварын эрсдэлтэй нөхцөлд байгаа ч хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдээ “боомилох”-оос илүүтэй цар тахлын үед ч нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах шаардлага үүсээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492) Б.ТАМИР

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close