Жо Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын сүүлээр гэхэд насанд хүрсэн бүх иргэнээ COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулж дуусгана гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ сургуулийн үйл ажиллагааг нээхийн тулд эхний ээлжинд багш нараа вакцинд хамруулахыг мужийн захирагч нарт өгчээ.  Вакцины хангамж, нийлүүлэлт, хоёр тунгийн хоорондох зай гэсэн шалтгааны улмаас тавдугаар сарын 31 гэхэд бүх иргэнээ вакцинжуулах боломжгүй гэж тайлбарлав.

Энэ талаар Жо Байден “Харанхуйг гэрэлтүүлэх цаг ойртлоо. Зөв замдаа орж эхэллээ. Гэхдээ бид халдварыг ялчихлаа гэж бодох болоогүй. COVID-19-ийн шинэ хувилбар хурдацтай тархаж байна. Тиймээс сонор сэрэмжээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа хурдасгах шаардлагатай. Ингэснээр вирусыг ялж, эдийн засгаа сэргээн, хуучин амьдралдаа шилжинэ. Эхний ээлжинд нэн тэргүүний чухал салбарын хүмүүсээ вакцинжуулна. Манай Засгийн газар сургуулийн бүх багш болон ажилчдыг энэ сардаа багтаан вакцины эхний тунд хамруулахаар зорьж байна” гэв.

АНУ Pfizer, Moderna, Johnson & Johnson гэсэн гурван вакцинд зөвшөөрөл олгож, иргэдээ вакцинжуулж байгаа юм. Эдгээрээс Johnson & Johnson вакциныг ганцхан тунг тарихаараа онцлогтой. Тус компани гуравдугаар сарын сүүлээр гэхэд 20 сая тунг  нийлүүлэхээс дөрвөн саяыг нь нэн даруй үйлдвэрлэхэд бэлэн гэдгээ зарлажээ. Тархалтаараа тэргүүлж байгаа тус улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо аажмаар буурч байгаа ч вирусын шинэ хувилбар эрчимтэй тархаж болзошгүй байна. Америкт энэ сарын 3-ны байдлаар 29.3 сая хүн халдвар авч, 529 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close