Франц гэрэл зурагчны Монголын тухай яриа, гэрэл зургууд

Vanity Fair, GQ, Louis Vuitton зэрэг алдартай сэтгүүл, брэндүүдийн гэрэл зургийг олон жил авч буй Францын уран бүтээлч Фредерик Лагранж өвөөгийнхөө Монголын тухай ярианд шимтэж өссөн ажээ. Тэрбээр эрийн цээнд хүрч, гэрэл зурагчин болсныхоо дараагаар Монголд ирж олон зураг авснаа дэлгэн тавьсан байна.

“Залуудаа би загвар өмсөгч байлаа. Тэгээд гэрэл зурагчидтай байнга хамтран ажилласаар байгаад зураг авах дуртай болчихсон. Гэрэл зураг гэдэг бол миний эрх чөлөө, тусгаар тогтнол, уран бүтээл, аялал ер нь бүхэлдээ амьдрал минь юм. Нью-Йоркт очиж, гэрэл зурагчны туслахаар ажилласнаас миний шинэ амьдрал эхэлсэн. Гурван жилийн дараа гэхэд би өөрөө сэтгүүлд зураг нийтлүүлдэг болсон байлаа.

Намайг 7 билүү 8 настай байхад өвөө минь монголчуудын тухай сайхан түүх ярьж өгсөн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр олзлогдоод байхад нь миний өвөөг монгол цэрэг аварсан юм билээ. Тэр ярианаас хойш би Монголын тухай сонирхож, дурлах болсон.

Анх би 2001 онд Монголд очсон юм. Социализм нуран унаж, нийгэм тэр чигээрээ шинэчлэгдэн өөрлөгчдөж байлаа. Монголын нийслэлийн зарим дүүрэг бүр балгас шиг болчихсныг хараад их цочирдож билээ. Яг Зөвлөлтүүдийн арга барил, хэлбэр хэмжээгээр баригдсан барилгуудтай. Харин хотоос гараад хэдхэн километр явахад л жинхэнэ гайхамшиг намайг угтан авсан.

Миний бодлоор бол Монгол гурван зүйл дээр л тогтдог шиг. Энэ бол газар, зүлэг, хөх тэнгэр. Энэ дүр зургийг олж хармагцаа би Монголыг бүтэн тойрч аялна гэж өөртөө андгайлсан юм.

Эхний аялал маань бараг тагнуулын ажил шиг болж билээ. Тэгэхэд уулзсан хүн бүрийнхээ зургийг авах шахсан. Одоо ч тэгэхэд авсан зарим хөрөг зурагтаа би их хайртай. Нью-Йоркт буцаж очоод хэд хэдэн сэтгүүлд зургуудаа үзүүлэхэд нийтлээд зогсохгүй тусгай төсөл хэрэгжүүлэхийг санал болгосон юм.

Ингээд хоёр дахь удаагаа Монголд очихдоо би энэ улсын эрс тэс уур амьсгалыг бүрэн мэдэрсэн. Халуун зун, тэсгим хүйтэн өвөл гээд энэ улсад улирал өөрийн дураар эргэдэг. Тэр хүйтэнд зураг авах хэцүү. Гэхдээ тийм зураг улам сонирхолтой сайхан болдог.

17 жилийн хугацаанд би Монголын тухай ихийг мэдэж авсан. Би тэдний нэг болсон. Тэд надад Гурванзуу гэдэг нэр хүртэл хайрласан.

Монголчуудын дунд орохын тулд би барууны хүний байр байдлаа өөрчлөх ёстой болсон. Барууныхан шиг бүх үйл явцыг урьдчилан тооцож хянах бус харин цагийн эрхэнд найдаж үлдээх болсон гэх юмуу даа.

Энэ 17 жилийн хугацаанд Монгол Улс их өөрчлөгдлөө. Улаанбаатар дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг болж хувирлаа. Өмнө нь энд мах, ногоо, жимс ч олж авахад хэцүү үе байсан.

Монголын уур амьсгал маш хатуу, эрс тэс учир хөдөө аж ахуй, тариалан эрхлэхэд амаргүй. Харин одоо Улаанбаатар юу л байна дэлгүүр. Тэндээс юу хүссэнээ авч болно.

Монголчууд бол их найрсаг зочломтгой хүмүүс. Монголын тал өргөн уудам, уур амьсгал хахир хатуу, тэнд бие биедээ тусалж дэмжихгүйгээр амьдрахын аргагүй.

Монголчууд эх орон, монгол хүн гэдгээрээ маш их бахархдаг.

2005 оны өвөл Хөвсгөл далайн мөс хөлдсөн үед би хамгийн дурсгалтай нэг явдалтай таарсан юм. Мөсний зузаан хэдэн метр байдаг юм л даа. Гэтэл тэр өвөл том ачааны машинтай явж байтал гэнэт мөс цөмрөөд машин живчихсэн. Бид ачааны машины живсэн тийш гүйлдэн очлоо. Ингээд түгшин харж байтал машинд байсан гурван хүн эсэн мэнд гараад ирлээ. Тэднийг аваад бид эрэг дээр очлоо. Гэвч хурдхан зорьсон газраа хүрэхийн тулд бид дахиад л мөсөн дээгүүр явахаас аргагүйд хүрсэн юм. Дараа нь машины дугуй бас хагараад цаг алдаж билээ. Ингээд бид явж явж газрын хөрсөн дээр гарч ирээд бүгд бүтэн амьсгаа авч, уужирсан юм даа.

Энэ зургууд дунд тэр машин живсэн зураг бий дээ. Монголоор аялах тоолондоо би амтанд нь бүр шимтэн ордог. Монголд ажилласнаар  гэрэл зурагчны хувьд ч их сайжирсан. Надад чөлөөтэй байхын эрхэм сайхныг мэдрүүлсэн. Би алдаа, үр дагавраас айлгүй ажиллаж байлаа. Магадгүй алдаа л хүний замыг засч, улам сайжруулдаг биз” хэмээн Лагранж өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close