Батзаяагийн үеэл БААБАР, Баабарын үеэл БАТЗАЯА

Е.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа 1974 онд “Хөдөөгийн баясгалан” киноны Болдоогийн дүрд тоглож олны танил хүүхэд боллоо. Хойтон жил нь “Мартагдашгүй намар” киноны, гахай унадаг Отгоны дүр бүтээснээр бүхний мэдэх жүжигчний хэмжээнд очсон юм.

Баабар Батбаярын аав Бат-Эрдэнэ, Батзаяагийн аав Батзана хоёр төрсөн ах дүүс, Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн эрхмүүд. Бат-Эрдэнийн Батбаярын “Бүү март, мартвал …” нийтлэл нь нууцаар тарж амжаагүй, өөрөөр хэлбэл нийтэд танигдсан Баабар болоогүй байсан 1988 он хүртэл тэдний ураг төрлийнхөн хоёрын зэрэг  “нэрийн хуудас”-тай байж. Нэг нь Монголын анхны, сарлагийн биологи судлаач, доктор Т.Бат-Эрдэнэ буюу Баабарын аав. Нөгөө “нэрийн хуудас” нь жүжигчин Б.Батзаяа.

Баабар Батбаяр 1989 оноос нийгмээ өөрчлөх хөдөлгөөнд идэвхтэй оролцож  Монголын Социал-демократ намын анхны даргаар сонгогдсоноор тэдний ах дүү, төрөл төрөгсөд гурав дахь “нэрийн хуудас”-тай болжээ хэмээн үзэж болох юм.

1974-1978 онд Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж мэргэжийн жүжигчин болсон Б.Батзаяа нь Улсын Хүүхэд залуучуудын театр, Улсын циркийн тайзнаа авьяасаа сорьж, үзэгчдийн алга ташилтаар мялаалгаж явсан нэгэн. Харин 1991 онд Монголын хошин урлагийн анхны хувийн театр байгуулж хошин шогийнхныг хамт олноор нь бүхэл цөм болгож чадсанаар энэ төрөлдөө “загалмайлсан эцэг” гэгддэг. Тэрээр Инээдмийн баярын “Азтай бадарчин” наадмыг анд найз нарынхаа хамт анхлан санаачилж  байлаа. Хошин шогийн нэрт мастер Б.Батзаяа нь “загалмайлсан эцэг” алдрын сураг  ч сонсоогүй бага залуу байхдаа Монголын том зохиолчдын жүжигт шүүмж бичээд “нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг байнаа” хэмээн хариу шүүмлэлийн хатуу үг сонсож явсан.

Гавьяат жүжигчин Б.Батзаягийн 1989 онд бичсэн нэг шүлгийг толилуулъя. Гагцхүү “Баабарын үеэл Батзаяа, Батзаягийн үеэл Баабар” гэдгийн аль хувилбараар ярих нь зохистойг би сайн мэдэхгүй байна. Батзаяад тааламжгүй хандаж жаахан доош нь хийе гэвэл түүнийг “Баабарын үеэл”, харин Баабарт дургүй хүрвэл эсрэгээр нь “Батзаягийн үеэл Батбаяр” гэж нэрлэж болох юм. Ямар ч болов Завханы Цагаанхайрхан сумын уугуул, төрсөн ах дүүсийн хүүхдүүд Батзаяа, Баабар нар хэн хэн нь том л яваа юм байна.

 

ЧИ МЭДЭХГҮЙ Л ЯВНА ДАА

Хатуу чихрийг

Хазаж битгий ид л дээ!

Харин чи үл сонсож

Хайран шүдээрээ тар няр хийлгэсээр л

Шүдээ хайрлаагүй чи үгийг минь сонссонгүй

Үг сонсдоггүй хүн эхийгээ яаж хайрлана даа.

Энэхэн хэр чи хазсаар хэмхэлсээр л

Эгдүүцэл хайр хоёр зүрхэнд хамт багтаж ядна.

Хажуунаас минь хазаж хэмхэлсээр зүрхэнд минь хүрчих вий гэхээс

Хаалгаар би гадагш гарлааард чи хазсаар хэмхэлсээр л

Үнэн худал хоёр харшилдаж байдаг энэ амьдрахуйд

Үйл тавилан гэдэг ээжийн чинь зассан өлгий биш шүү.

Чихэр хазаж идэхэд хүртэл эмзэглэдэг орчлонг

Чи мэдрэхгүй л явах юм даамэдэхгүй л явах юм даа!

     1989-10-25. 01 цаг

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close