Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой “Боржигин” наадам боллоо

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Цэрдгэрийн ухаа” хэмээх газарт Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам Говьсүмбэр аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд “Боржигин-2019” наадмыг зохион байгууллаа.

 

Боржигин өв соёлын арга хэмжээнд нийт таван аймгийн 12 сумын 280 гаруй соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгчид оролцсон юм. “Боржигин түмний өв соёл, зан заншил, ёс уламжлал”-ыг харуулсан “Боржигин” хүрээг үүсгэн отгийн зохион байгуулалтаар дэглэн 12 сумдын Боржигины өв соёлын тоглолт, боржигин морин хуур, эмээл, байшингаар музей байгуулан наадамчин олон болон жуулчдад үзүүлж сонирхууллаа. Үүнээс Дундговь аймгийн Цагаандэлгэр сум “Боржигин найрын дэг, ёс жаяг” тэргүүн байр эзэлж, Говьсүмбэр аймгийн- Шивээговь сум- “Боржигины хуримлах ёс” дэд байр, Дундговь аймгийн- Баянжаргалан- “Шагайн харваа, шагайн наадгайн зан үйл” гутгаар байрыг тус тус эзэлсэн байна.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр Говьсүмбэр аймгийн 25 жилийн ой, Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан давхацсан бөгөөд наадмын талбай эмх цэгцтэй, хог хаягдалгүй байсныг наадамд хүрэлцэн ирсэн иргэд онцолж байсан юм.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын Монгол орон даяар санаачлан хэрэгжүүлж буй “Хандлагаа өөрчилье” багц ажлын “Цэвэрхэн наадацгаая”-2 арга хэмжээний хүрээнд хоол унд, худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан иргэд, ААНБ-уудад “Цэвэрхэн наадацгаая” ажлыг танилцуулан, зөвлөмж зааварчилгаа өгч ажилласан бөгөөд хоггүй цэвэр цэмцгэр, байгаль орчиндоо ээлтэй наадах зорилгоор “Нэг уут хог, Нэг сугалаа”-г зохион байгуулж орон нутгийн ард иргэдийг идэвхитэй хамруулж ажиллаа. “Нэг уут хог, Нэг сугалаа” арга хэмжээнд наадамчин олон идэвхитэй оролцож  21 тонн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн наадмын төв талбайн тээвэрлэлтийн асуудлыг экобус болон ердийн хөсгөөр /тэмээн тэрэг/ байгальд ээлтэй байдлаар шийдсэн бөгөөд автомашингүй тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Мөн өв соёлын арга хэмжээг угтан аялал жуулчлалын зочлох үйлчилгээний чиглэлээр орон нутгийн 130 гаруй иргэнийг мэргэшүүлэх, чадавхижуулах сургалтанд хамруулсан бөгөөд хөтөч тайлбарлагчийн сургалтад 23 иргэн хамрагдаж, тэднээс гадаад хэлний түвшингээс хамааран жуулчдад зориулсан мэдээллийн төвд ажиллах таван иргэнийг давтан сургалтанд хамруулжээ. Жуулчид болон наадамчдад зориулсан мэдээллийн төвөөр нийт баяр наадмын өдрүүдэд 250 гаруй жуулчин үйлчлүүлсэн байна.

“Боржигин” наадмыг 1994 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулсан юм. Тус аялал жуулчлалын арга хэмжээ нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, залуучуудад Монголын түүх, соёлын мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр танин мэдэх, сурталчлах боломжийг бүрдүүлэх, хамгийн гол нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, жуулчлалыг дагасан худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар тогтвортой хөгжлийг цогцлоох боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close