Сануулсаар байтал голд орж, хурд хэтрүүлдэг монголчуудыг яах вэ?

Энэ жилийн усны осол, зам тээврийн осол замбараагаа алдлаа. Сануулсаар байх тусам л ослын тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байна. Онцгой байдлын байгууллагаас гол, усанд болгоомжтой орох талаар хар мянган удаа сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Тэгэх тусам оръё гэдэг юм уу, эсвэл өөрт тохиолдоогүй осол болохоор чихний хажуугаар сэрэмж мэдээг өнгөрөөдөг юм уу, бүү мэд. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, ес нь хүүхэд байгаа нь тун харамсалтай.

Зам тээврийн осол гэхэд хурд хэтрүүлж, гэрлээ шилжүүлдэггүй, гүйцэд түрүүлэх гэсэн оролдлого хийснээс орон нутгийн замд хамгийн олон осол гарч байна. Бүр тасрахгүй байна. Наймхан сарын хугацаанд 185 хүн орон нутгийн замд автомашины ослоор амиа алджээ. Зам тээврийн ослын тухай нүд хальтирмаар дүрс зураг олон нийтийн сүлжээнд хэрэг гарах бүрт тавигдаж харагдах юм. Хүн бүр түүнийг харж л байх юм. Гэтэл түүнээс сэрэмжилж анхаарал болгоомжтой явах битгий хэл ослын тохиолдол улам нэмэгдсээр байгаа нь тун хачирхалтай.

Монголчуудад одоо юу гэж анхааруулж, сэрэмжлүүлэг өгмөөр юм. Цагдаа, онцгой байдлын албаныхан амаа чилтэл ярьж харагдана. Манайхан тийм их хэнэггүй улс болсон гэж үү. Хайртай хүмүүсийн чинь амь нас таны гарт байхад хурд хэтрүүлж, гүйцэд түрүүлэхийг хичээж, гэрлээ шилжүүлэхгүйгээр орон нутгийн замд явж хэзээ ч болохгүй. Олон өдөр үргэлжилсэн бороо орж гол мөрнүүд үерийн хэмжээнд байхад голд орох битгий хэл ойртох ч шаардлага алга. Байгалийн сайхан амармаар байгаа бол заавал голд орж биш голын эрэг дээр зайтайхан амарч болно оо доо, үр хүүхдэдээ анхааруулаад. Замын хөдөлгөөнд бол яарч давхиад бүр хэрэггүй.

Эх сурвалж: ura.mn Г.БОЛД

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close