Өмнөх “Робинзон Крузо”-г үзэлгүй хийсэн НОМЫН ЧИМЭГ ЗУРАГ

 — XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн

гол төлөөлөгч, зураач “марзан” Б.Шарав (1869-1939)

1719 оны анхны хэвлэл

 

“Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй нэгэн ном 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд хэвлэлтээс гарч уншигчдын гар дээр очсон байдаг. Гарангуутаа бестселлэр болж түүнтэй гэрээ байгуулсан Хэвлэх үйлдвэрийн газар уншигчдын хэрэгцээг хангахын тулд гуравхан сарын дотор дөрвөн удаа хэвлэхэд хүрч байжээ.

Английн зохиолч, тус улсын Тагнуулын байгууллагын нууцлагдсан тэргүүн нь байсан Даниэл Дефо (1660-1731) нь нийт 250 гаруй зохиол бичсэн. Гэсэн хэдий ч дэлхийн сонгодог уран зохиолын түүхэнд “Робинзон Крузо” нь мөнхөрч үлдсэн юм. Дэлхийн бараг бүх хэлнээ орчуулсан бөгөөд манай гаргийнхны олонх нь хүүхэд насандаа эл бүтээлийг уншсан гэсэн судалгаа бий. Зохиолч Даниэл Дефо нь далайд аялагч, өөрөөр хэлбэл жуулчин байгаагүй атлаа нэгэн далайчин эр эзгүй арал дээр амьдарч өөрийн гэсэн вант улсаа босгож буйг уран сайхны аргаар маш гайхалтай бичсэн гэдгийг сануулъя.

“Робинзон Крузо”-гоор 1902 онд анхлан францууд кино хийсэн байна. Дараа нь АНУ-д 1913, 1921, 1922 онд дараалан гурван удаа кино болж гарсан. Харин зохиолчийн эх орон Англид 1927 онд кино болгожээ. Манай хойд хөрш Орост 1946 онд уг зохиолоор хар цагаан кино хийхэд Робинзон Крузогийн дүрд алдарт жүжигчин Павел Кадочников тоглосон. Хамгийн сүүлд 2009 онд америкууд “Крузо” гэсэн, телевизийн олон ангит кино хийгээд байгаа. Манай улсад Д.Дефогийн “Робинзон Крузо”-г анх 1937 онд анх орчуулж монгол бичгээр гаргасан. Хожмоо дуун хөрвүүлэгч М.Дарамванчиг 1955 онд орчуулж, Б.Мягмаржав редакторлож кириллээр гаргасан түүхтэй. 1962 онд зохиолч Г.Ловор эл бүтээлийг товчлон бага ангийн сурагчдад зориулан комикс хувилбараар хэвлүүлсэн. Гэхдээ доторх чимэг зургийг хятад зураачийн зурснаас шууд хуулбарлан хэвлүүлсэн байдаг.

Харин 1937 оны монгол бичгээр гарсан “Робинзон Крузо” номын зургийг “марзан” хэмээх Балдуугийн Шарав зурсан байх юм. Энэ тухай Б.Ринчен доктор “Баруун этгээд зорчсон тэмдэглэл” (1959) номдоо ингэж бичжээ.

– “Оюунаар, Даниэль Дефогийн Робинсон Крусо гэдгийн товч орос орчуулгыг монгол болгуулж, орчуулгыг нь нэлээд улаан эрээн болгож засаад, марзан Шарав зураачаар зургийг нь монгол зургийн ёсоор зуруулан гаргаж амжсан билээ. Тэгэхдээ Шарав гуайд Европын нэртэй нэртэй зураач нарын зургийг үл үзүүлэн, монгол зураач хүн, Робинсоныг яаж сэтгэлдээ дүрслэн боддог юм бол? Тэр ёсоороо зурж дэлхийн олон хэлэнд Робинсоныг орчуулан хэвлэхдээ дандаа франц зураачийн зургийг хуулан хэвлэдэг бол, ёстой монгол маш сонин нэг зураг бий болбол, хожим, учир мэдэх хүнд олдошгүй сонин юм болно гэж бодож хийлгэсэн билээ” гэжээ.

Өгүүлбэрийн эхэнд дурдагдаж буй, уг номын товч хувилбарыг монгол хэлнээ хөрвүүлсэн Оюун нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, театрын алдартай найруулагч Эрдэнэбатхааны.Оюун гуай (1918-2001) юм.

Е.МЯГМАРСҮРЭН

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close