Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав болон бусад холбогдох албаны хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд ЕСБХБ-ны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошник Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулан, дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг удахгүй зарлаж, ажил эхэлнэ гэдгийг дурдлаа. Түүнчлэн орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөлд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд Засаг даргад талархал илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай холбогдох хүмүүс болон ЕСБХБ-ны идэвх чармайлт, хамтын ажиллагааны үр дүнд төслүүд эхнээсээ хэрэгжилт нь эхлээд явж байна” гээд ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт орсон болохыг дурдав. Цаашид ЕСБХБ-тай хэрэгжиж байгаа төслүүдээ эрчимжүүлэхээс гадна Улаанбаатар хотын хүн амын усан хангамжийг сайжруулах Туул усан цогцолбор төсөл, нийтийн тээврийн парк шинэчлэлийн төсөл, сургуулийн автобус төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг онцлоод нийслэлд дараагийн таван жилд хэрэгжүүлэх нийтийн тээврийн цогц шийдлийн талаар товч мэдээлэл хүргэлээ.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close