Гурван хүүхэдтэй байх бодлогыг Хятадын залуу гэр бүлүүд дэмжсэнгүй

Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс иргэдээ гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрч байгаагаа даваа гаригт зарласан нь энэ долоо хоногийн хамгийн “халуун” сэдэв байлаа. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Хятадын Коммунист намын улс төрийн товчооны хурал тавдугаар сарын 31-нд энэ шийдвэрийг гаргалаа. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд нэг хүүхэдтэй байх бодлогыг  40 орчим жил баримталсан Хятадын эрх баригчдын хувьд энэ шийдвэр том сорилт юм. БНХАУ 1979 оноос “Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, ажлаас нь халах, зарим тохиолдолд үр хөндүүлэхийг шаардаж байв. Түүнчлэн энэ бодлогоос үүдэн хүйсийн тэнцвэргүй байдал ихэсчээ. Тухайлбал, эмэгтэй хүүхдээ асрамжийн газарт өгөх, төрүүлэхгүйгээр үр хөндүүлэх, хаях гэсэн асуудал тулгарч, эрэгтэй хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Тус улс 2016 оноос хоёр хүүхэдтэй байх бодлогыг баримталснаар төрөлт буурч, 1.4 тэрбум хүн амын тоогоо тогтмол барьсан ч ахмад хүмүүсийн эзлэх тоо хурдацтай нэмэгдсэн байна. Үүнийг даган бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээмж багасах нь улсын эдийн засгийн чадамжийг бууруулах гол шалтгаан болдог билээ. Үүнтэй холбогдуулан гурван хүүхэдтэй болох шийдвэрийг эрх баригчид гаргасан байна. Энэ шийдвэрийг Хятадын залуу гэр бүл хэрхэн хүлээн авч байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

 

CNBC: Хятадын хүн амд эзлэх ахмадуудын тоо хурдацтай нэмэгдсэн

 

Япон улсын хүн амын 28 хувийг 65-аас дээш насныхан эзлэх болсноор яг ийм асуудалтай тулгараад байгаа юм. Гэхдээ Япон болон Европын орнуудтай харьцуулахад Хятадын хүн амд эзлэх ахмадуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг сануулсан хэмээн ажиглагчид үзлээ. Судлаач Роачэ “Нийгэм бүхэлдээ маш хурдацтай хөгширвөл тэдний тэтгэврийг хэрхэн олгох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Ахмадууд ихийг хадгалж, багыг хэрэглэдэг хүмүүс. Тиймээс зах зээлд бага орлого оруулж энэ нь эдийн засгийг тэнцвэргүй болгоно” гэж ярилаа.

Эх газрын Хятадад өнгөрсөн жил гэрлэлт 12 хувиар буурсан нь долоо дахь жилийн уналт юм. Олон нийтийн дунд санал асуулга явуулахад хосуудын ихэнх нь гурван хүүхэдтэй болох шийдвэрийг дэмжихгүйгээ илэрхийлжээ.  Учир нь сургалтын өндөр өртөг, жирэмсний амралт авах болон тэтгэвэрт гарах үед эмэгтэйчүүдэд хангалттай дэмжлэг үзүүлдэггүй нь хосуудыг олон хүүхэдтэй болох гол бэрхшээл нь байв. Энэ талаар Хятадын эдийн засагч Рори Грин “Гурван хүүхдийн шинэ бодлого хүн амын тоог бууруулахаас сэргийлж чадахгүй. Нэг хүн цахим хуудаснаа “Би хоёр талынхаа дөрвөн ээж аав,  хоёр хүүхэд, есөн ач зээгээ асардаг бол дахин хүүхэдтэй болохыг хүснэ гэж үү” хэмээн бичсэн байна. Тиймээс хүүхэд асрахад үзүүлэх дэмжлэг, хүртээмжийг сайжруулах бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн тоогоо нэмэгдүүлэх шийдвэрээс илүү чухал. Тухайлбал, боловсролын өртгийг бууруулах, жирэмсний амралтын хугацаа болон тэтгэврийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан цахим орчинд хэлэлцүүлэг өрнөжээ. Тэдгээрээс гурван хүүхэдтэй болсноор эмэгтэйчүүд мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд хэцүү болно гэсэн асуудлыг олон хүн хөндсөн байна.Тэд “Хэрэв та гэрлэсэн ч хүүхэдгүй бол жирэмсний амралтаа хэрхэн авахдаа санаа зовних болно. Харин нэг хүүхэдтэй бол хоёр дахь хүүхдээ гаргах эсэхэд сэтгэл тань шанална. Хоёр хүүхэдтэй  бол гурав дахь хүүхдээ төрүүлэх эсэхэд зовнино. Харин гурван хүүхэдтэй болвол ажлаа яаж зохицуулахдаа санаагаа чилээнэ” гэсэн асуудлыг хэлэлцжээ. Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдээ тохилог орчинтой сайн ажилд оруулахын тулд дүүргийн сайн сургууль сонгох, хичээлийн бус цагаар олон төрлийн сургалтад хамруулах нь их хэмжээний мөнгө шаарддаг гэсэн бэрхшээл байв.  Тиймээс эрх баригчид гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хосуудад энэ шийдвэр шууд нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь хүүхэдтэй болсны дараах төрийн халамжийн бодлого тааруу, хүүхэд төрүүлсний дараа ажлын байргүй болох, амьдралын баталгаагүй болох эрсдэл өндөр, мөн хүүхдийг дагаад маш том хариуцлага тулгардаг учир хосууд ихэвчлэн цөөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон байна. Олон мянган хүнийг хамарсан судлагаагаар хосууд, эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдийг маш сайтар төлөвлөсний дараа гаргана, эсвэл нэг хүүхдээ маш “чанартай иргэн” болгон өсгөнө гэж хариулсан бол гурав дахь хүүхдийн талаар боддоггүй хэмээн хариулжээ.

 

CNN: Хятадад 2020 онд төрөлт 15 хувиар буурсан

 

Олон жилийн туршид хосуудыг олон хүүхэдтэй болохыг хориглож байсан Хятадын эрх баригчид хүн ам зүйн хямралыг бууруулах зорилгоор гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрч буйгаа зарласан. Гэхдээ энэ шийдвэр Хятадын цөөнх үндэстэн, ялангуяа Шинжааньд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Учир нь 2017 оноос хойш Хятадын Засгийн газар цөөнх үндэстний эсрэг гэр бүл төлөвлөлтийн хатуу бодлого баримталж эхэлсэн юм. Хятад ядуурлыг бууруулах, хүн амын өсөлтийг зогсоох зорилгоор 40 орчим жил нэг хүүхэдтэй байх бодлогыг баримталснаар тус улсын төрөлт хурдацтай буурсан  билээ. Гэвч  энэ бодлогыг удаан хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хувь нэмрээ оруулах залуу ажилчдын тоо багасна хэмээн албаны хүмүүс санаа зовниж  эхэлсэн юм. Тиймээс Хятадын Засгийн газар 2016 онд хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч хот газар хүүхэд өсгөх нь зардал ихтэй байдаг тул дундаж давхаргын ихэнх хос тус бодлогыг сайшаан хүлээн аваагүй юм. Үүний учир 2020 онд төрөлт 15 хувиар буурсан байна. Гэхдээ төрөлтийг бүс нутгаар харьцуулан үзвэл Шинжаань мужийн баруун бүсэд төрөлт илүү өндөр байсныг Австралийн Стратегийн бодлогын хүрээлэн тайландаа дурджээ. Тодруулбал, тус бүс нутагт 1991-2017 онд төрөлт бусад бүсээс илүү байсан аж. Учир нь судлаачдын ярьж буйгаар Шинжааны Уйгур үндэстнүүд 9-10 хүүхэдтэй байх уламжлалтай байжээ. Гэвч 2017-2018 онд Шинжаань мужид төрөлт гурав дахин буурсан юм. Үүнийг Хятадын Засгийн газар гэр бүлийн төлөвлөлтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.Гэхдээ ирээдүйд Бээжин хүүхдийн тоог дахин хязгаарлахад хүрч болзошгүй гэсэн таамаг ажиглагчдад байна.

 

“Засгийн газар иргэн нь хэдэн хүүхэдтэй байхыг зохицуулдаг газар биш”

 

Шинэ шийдвэрийнхээ талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Хүн амынхаа бүтцийг сайжруулах, хөгшрөлттэй идэвхтэй тэмцэх, хүний нөөцөө сайжруулахад энэ бодлого туслах болно” гэж мэдэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Гэхдээ хүний эрхийн Эмнести олон улсын байгуулагын зүгээс энэ бодлогыг өмнөхтэй адил иргэний бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн хэвээр байгааг шүүмжилсэн юм. Тус байгууллагын Хятад дахь тэргүүлэгч Жошуа Розенвейг “Засгийн газар иргэн нь хэдэн хүүхэдтэй байхыг зохицуулах бизнесийн байгууллага биш. Хүн амынхаа гэр бүл төлөвлөлтийг хянах түрэмгий бодлогоо зогсоож, төрөлтийн бодлогоо оновчтой болгож, иргэдийнхээ сонголтыг хүндлэх хэрэгтэй” гэв. Мөн “Хэрэв төрөлтийн бодлогыг зөөлрүүлэх нь үр дүнтэй байсан бол одоогийн хоёр хүүхэдтэй байх бодлого үүнийг нотлох байсан. Гэхдээ хэн гурван хүүхэдтэй байхыг хүсэх юм бэ. Залуу хүмүүс ихдээ хоёр хүүхэдтэй болно. Учир нь амьдрах өртөг дэндүү өндөр, дарамт шахалт их байгаа нь суурь асуудал юм” гэж ахлах эдийн засагч Хао Жоу “Ройтерс” агентлагт ярьжээ.

Хятадын залуу хосуудтай ярилцахад өнөөгийн нөхцөлд өнөр гэр бүлтэй болох хүсэлтэй  хүн олдсонгүй. Учир нь залуус ихэнх нь ах дүүгүй, жижиг гэр бүлд өссөн байдаг. Түүнчлэн залуу гэр бүл орлогоо олон хүүхдэд зарцуулахаас илүү нэг хүүхдэд бүхнээ зориулахыг илүүд үзэж байна. Өнгөрсөн сарын дүнгээс үзвэл 2020 онд 12 сая хүүхэд шинээр төрсөн бол энэ тоо 2016 онд 18 сая байв. Энэ нь 1960-аад оноос хойших хамгийн бага төрөлт болсон юм.  Энэ тухай Висконсин-Мадисон их сургуулийн судлаач, доктор И Фушиан “Хятадын эдийн засаг маш хурдацтай нэмэгдэж, олон салбарт тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Тиймээс хүн амын бууралтын үр нөлөө өргөн байна” гэж ярилаа. Тиймээс гурван хүүхдийн бодлогыг хэвлэлүүд онцолж, сайшаан бичиж байна. Гэвч олон нийт эерэг сэтгэгдэл бичих нь маш бага байна. Учир нь залуу хүмүүс олон хүүхэдтэй болж, гэр бүл зохиохоосоо илүүтэй олон цагаар ажиллаж, боловсролтой болохыг илүүд үзэх болсон юм.

Хятадын судлаач нар ойрын ирээдүйд ажиллах хүчээрээ АНУ, Энэтхэгийг гүйцэж,  эдийн засгаараа илүү гарахын төлөө эрх баригчид хүүхдийн тоо хязгаарладаг бодлогоо бүрэн халах шаардлагатай хэмээн үзжээ. Төрөлт энэ байдлаараа удаашралтай байвал АНУ-д ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцнэ. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо багасна. Тиймээс Хятад улс тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын системд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close