С.Эрдэнэ: Өвчин туссан нь хурдан эдгэрч улс төрийн ажилдаа ороосой, өрсөлдөгч нартаа амжилт хүсье

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ гэргийн хамт БГД-ийн 20 дугаар сургуульд саналаа өглөө.

Нэр дэвшигч С.Эрдэнэ: -Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, зургаа дахь ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа амжилттай, ирц их өндөр явж байна. Нийт сонгогчиддоо хандаж хэлэхэд, Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх энэ боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Өвчин зовлон туссан нь хурдан эдгэрч, улс төрийн ажилдаа ороосой. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Мөрийн хөтөлбөр маань таван бүлэг заалттай. Би ямар нэгэн гоё сайхан амлалт дэвшүүлээгүй. Эд хөрөнгө, мөнгө төгрөг амлаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн институци бусад институцитайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллах, Монголын төрийн гажуудаад буй тогтолцоог яаж зөв болгох юм бэ гэсэн зүйл заалтуудыг оруулсан. Мөн энэ сонгуулийн өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль явагдах магадлал өндөр байна. Асар их хэмжээний мөнгө тарааж байна. Мөнгө тараах асуудлыг манай хууль хяналтын байгууллагууд цэгцэлж, хянаж чадахгүй байна. Төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлээд татвар төлөгчдийн саналыг хууль бусаар худалдан авч байгаа нь увайгүй үйлдэл. Сонгуулийн ерөнхий хороо болон бусад холбогдох байгууллагууд үүн дээр анхаарал тавьж, таслан зогсоогоочээ. Хэдий болтол бие биенийгээ хуурч, төр улсынхаа хувь заяагаар тоглох юм бэ? Нийт сонгогчиддоо хандан хэлэхэд нэгэнт мөнгө тарааж байгаа бол таниас луйвардсан мөнгийг танд эргүүлээд өгч байгаа тул та санаа зоволтгүй мөнгийг нь ав. Харин төрийнхөө төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө зөв мэргэн сонголтыг хийгээрэй. Монгол оронд өнөөдөр дарангуйлал бодит байдал болсон шүү. Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close