АНУ-ын тэрбумтнууд татвараас хэрхэн зугтаж байсныг “Propublica” илчиллээ

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “ProPublica”  байгууллага мягмар гарагийн байдлаар Жефф Безос, Элон Маск, Уоррен Буффет, Билл Гейтс, Марк Цукерберг гэсэн тэргүүлэх баячууд орлогын албан татвараа төлөхөөс хэрхэн хууль бусаар зайлсхийсэн талаарх  ноцтой баримтыг дэлгээд байна. Тодруулбал, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос, 2007, 2011 онд “Тесла”-гийн  үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск 2018 онд огт татвар төлөөгүй гэсэн баримтыг илчилсэн юм. Энэ тухайгаа “ProPublica” тэрбумтнуудын орлогын албан татварын их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна. Ирэх долоо хоногоос илүү дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд цацна. Америкийн хамгийн баян 25 хүн дунджаар орлогынхоо 15.8 хувийг буюу жирийн ажилчнаас бага татвар төлдөг. Гэтэл энэ 25 тэрбумтны орлого 2014-2018 онд 401 тэрбум ам.доллараар өссөн байна. Энэ хугацаанд ердөө 13.6 тэрбум ам.долларын татвар төлсөн” гэж мэдэгдээд байгаа юм. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден баян хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхээ амлалаа.

Мөн Жо Байдены Засгийн газар Жефф Безос, Элон Маск, Уоррен Буффет тэргүүтэй дэлхийн тэргүүлэх баячуудын татварын мэдээлэл хэрхэн олон нийтэд цацагдсаныг  эрэн сурвалжилж эхэллээ. Өмнө нь олон нийтэд зарлаж байгаагүй татварын шинэ  тайлан ил болсны дараа энэ мөрдөн  шалгах ажиллагаа эхэлсэн юм.

Энэ талаар тус улсын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лили Адамс “Засгийн газрын нууц мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс энэ хэргийг Ерөнхий байцаагчийн алба, Татварын албаны Төрийн сангийн ерөнхий байцаагч, Холбооны мөрдөх товчоо, Колумбийн тойргийн Прокурорын газарт хүргүүлж байгаа. Эдгээр газар бүгд  мөрдөн шалгах бүрэн эрхтэй” гэж мэдэгдэв. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Засгийн газрын нууц мэдээллийг ил болгож хууль зөрчсөн этгээдүүдэд ноцтой арга хэмжээ авна. Мэдээллийг хэрхэн задруулсан талаар тайлбар өгөхгүй. Гэхдээ  өндөр орлоготой корпорациуд, хувь хүмүүс татвараа шударгаар төлж байгааг нь баталгаажуулахын тулд бид илүү их зүйл хийх ёстойг би батлан хэлж чадна” гэсэн байна. Тэдний мэдээлснээр төрийн нууц мэдээллийг олж авч, олон нийтэд дэлгэсэн “ProPublica”  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллагад хариуцлага тооцохоор мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close