Д.Мандахнаран: Pfizer вакцин хүүхдэд 100 хувь дархлаа тогтоож байна

Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран мэдээлэл өглөө.

Тэрбээр “Вакцинжуулалт хийгдэж байгаа улс орнууд тэр дундаа хөгжингүй орнуудад дархлаажуулалтад хамрагдсан насны бүлгийнхний өвчлөл, хүндрэл, нас баралт буурч байна. Гэтэл вирус вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдээр дамжин халдварлах, тархах нөхцөл байдал үүсэж хүүхдийг вакцинжуулах асуудал хөндөгдөж эхэлсэн.

Хүүхдийг товлолын вакцинаар халдварт өвчнүүдээс хамгаалах аргыг улс орнууд түгээмэл хэрэглэдэг хэдий ч корона вирусийн вакцинуудыг богино хугацаанд бүтээсэн учраас болгоомжилж байсан. Гэсэн ч зарим улсууд тухайлбал Израйл Pfizer вакцин насанд хүрэгчдэд 95 хувьтай дархлаа тогтоож байсан учир хүүхдүүддээ хийгээд эхэлсэн. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2,000 орчим хүүхдийг хамруулан судалгаа хийсэн. 12-15 насны 1,005 хүүхдэд Pfizer вакцин хийгээд, 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан байна. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдвар авсан тохиолдол огт гараагүй бол вакцин хийлгээгүй хүүхдүүдээс 16 нь халдвар авчээ. Үүн дээрээ үндэслээд 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас 100 хувь сэргийлж байна гэж дүгнээд энэ насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах зөвлөмж гаргасан.

Pfizer вакцины бүтцийн хувьд мэдээлэл өгье. Коронавирусийн сэртэнгийн уургийн генийн мэдээллийн RNH гэдэг бодисыг тасалж аваад өөх тосон бүрхүүлд оруулаад хүний биед тарьж байгаа юм. Ингээд дархлааны хариу урвал үүсгэнэ.

Pfizer вакциныг олон улс оронд хэрэглэж, судалгааны өгүүллүүд гарсаар байна. Үр дүнг харвал насанд хүрэгчдэд 95 хувь, хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтоож байгаа. Ингэхдээ насанд хүрэгчид болон хүүхдэд илрэх гаж нөлөө ижил байна. 16 болон түүнээс дээш насны хүмүүст маш цөөн тохиолдолд зүрхний үрэвсэлт өвчин гарсан. Ер нь ямар ч вакцин хийлгэсэн богино хугацааны гаж нөлөө буюу хариу урвал үзүүлэх магадлалтай учраас 15-30 минут хянаж байгаа” хэмээн ярилаа.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close