24 багаас зөвхөн 6 улсын шигшээгийн тоглогчид Өвдөг сөхөрч сууж буй

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро 2020” тэмцээний хэсгийн II тойрог өнөө шөнө өндөрлөнө. Тэмцээн эхэлснээс хойш 24 баг бүгд тус бүр хоёр удаа тоглоно гэсэн үг. Урьд шөнө “D” хэсгийн хоёр,  “E” хэсгийн нэг тоглолт боллоо. Үүнд:

  • Хорват-Чех 1:1. “D”  хэсэг. Шотландын Глазго хотын 56007 үзэгч оруулсан төв цэнгэлдэхэд (51866 суудалтай) хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөв. Чехийн довтлогч Шик тоглолтын 37 дахь минутад торгуулийн цохилт (пеналт) гүйцэтгэж багтаа тэргүүллийг авчирсан. Тэрбээр, үүнээс хэдхэн минутын өмнө Хорватын хамгаалагч Ловренд тохойлдуулж хамрын ясаа хугалуулсан бөгөөд цус нь сайн тогтоогүй байхад пеналт цохьсон. Ийм тохиолдолд талбайн шүүгч түүнийг талбайгаас гаргаж, цусаа тогтоосны дараа буцаж орж ирэхэд нь пеналт цохиулах дүрэмтэй ажээ. Иймээс шууд цохихыг зөвшөөрсөн шүүгч Карлос дель Серро Гранде өнөөдөр шүүмжлэлд өртлөө. Тэрбээр зөвхөн энэ ч бус, бас хоёрдугаар үеийн төгсгөлд “шүүгчийн мэдлийн” 3 минутын цаг нэмж сунгасан атлаа хөлбөмбөгчдийг 2 минут 39 секунд тоглуулаад тоглолт албан ёсоор дуусахад 21 секунд дутуу байхад шүгэл үлээж өндөрлүүлсэндээ буруутгагдаж байна. Хорватын хагас хамгаалагч Перишич тоглолтын 47 дахь минутад тэнцээний гоол оруулснаар хоёр баг “эвийн гэрээний” нэг нэг оноо авлаа.
  • Швед-Словак 1:0. “E” хэсэг. ОХУ-ын Санкт-Петербург хотын 11525 үзэгч оруулсан төв цэнгэлдэхэд (67800 суудалтай) Шведүүд хожиж бүтэн гурван оноо авлаа. Хожлын ганц гоолыг хагас хамгаалагч Форсберг тоглолтын 77 дахь минутад торгуулийн цохилтоос (пеналт) хийлээ.
  • Англи-Шотланд 0:0. “D” хэсэг. Лондоны “Уэмбли” цэнгэлдэхэд гоолгүй “хуурай” тэнцээгээр өндөрлөсөн энэ тоглолт эхлэхийн өмнө хоёр багийн тоглогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг “Black Lives Matter” хөдөлгөөнтэй эв санаа нэгтэй байгаагаа харуулж өвдөг сөхөрч суусан нь сайхан үлгэр дуурайлал байлаа.

“Евро 2020”-д өрсөлдөж байгаа 24 багаас Их Британийн Англи, Шотланд, Уэльс гурав, мөн Бельги, Швейцар, Турк, нийт 6 улсын Хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгчид нь тоглолт эхлэхийн өмнө өвдөг сөхөрч сууна гэдгийг АШТэмцээнийн өмнө мэдэгдсэн. Бусад 18 улсын Хөлбөмбөгийн холбоо энэ талаар байх сууриа илэрхийлээгүй, огт дуугаралгүй чимээгүй өнгөрсөн. Энэ удаад Англи, Шотландын тоглогч, дасгалжуулагчид бүгдээрээ өвдөг сөхөрч суусан нь “Евро 2020”-гийн гурав дахь нь юм. Бельги, Швейцар, Турк баг “A” хэсэгт нэг дор багтсан учраас I тойргийн Турк-Швейцар, II тойргийн Уэльс-Швейцар тоглолтын үеэр хоёр багийнхан өвдөг сөхөрч суусан. Зургаадугаар сарын 21-нд болох III тойргийн Швейцар-Туркийн тоглолтын үеэр хоёр багийнхан мөн “Black Lives Matter”-ийг дэмжсэн суултаа хийнэ. Дашрамд хэлэхэд, Хэсгийн нийт 36 тоглолтын өмнө ердөө 4-д нь талбайд гарсан хоёр багийнхан өвдөг сөхөрч суух ажээ.

Өнөө шөнө гурван тоглолттой. Унгар, Герман, Испани өөрийн талбайдаа учраагаа хүлээж авна.

  • 00 цагаас Унгар-Франц. “F” хэсэг. Унгарын Будапешт хотод
  • 00 цагаас Герман-Португал. “F”  хэсэг. Германы Мюнхен хотод
  • 00 цагаас Испани-Польш. “E” хэсэг. Испанийн Севилья хотод болно.

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close