Ерөнхий сайд танхимаа бүтнээр нь “хадгална” гэв

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа удаагүй л “унагах” оролдлого эхэлдэг. Тэр хэрээр ч тогтворгүй байх нь элбэг. Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дундаж хугацаа 1.8 жил байсан гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар тогтворгүй, маш богино настай байсныг  судлаачид шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч “хагарах” эсэхээ харуулах, тэсч үлдэж чадах уу гэсэн ээлжит оролдлоготой нүүр тулж байна. Засгийн газрыг огцруулах, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа сэлгээ хийх, чөлөөлөх тухай асуудал нэлээн хэд хоногийн өмнөөс улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Сүүлийн долоо хоногт улам хүчээ авч, Засгийн газрын кабинетаас “сугарах” сайд нар нэр устайгаа гарч ирэв. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайд нарыг огцруулах асуудал хэлэлцэхээр товлосныг ч сөрөг хүчнийхэн уухайлан дэмжиж буй харагдсан. Угаас Засгийн газрыг сулруулах  акцийг сөрөг хүчин хийх нь тодорхой. Харин цаад санаархал юу вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Цар тахлын халдвартай нүүр тулсан хүнд цаг үед улс орны хамаг чухал бодлого шийдвэрийг зангидаж, хэрэгжүүлж буй Засгийн газрын танхим бүтэн эсэх нь хүн бүрийн анхаарлыг татаж буй юм. Тэгвэл  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзаж “Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд санал авах үеэрээ төр, хувийн хэвшлийнхэнд “санаа зоволтгүй” гэсэн тайлбар хийхдээ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй.

Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш.  Хэрэв улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй”  хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close