Батзанын Батзаяа ба “Бадарчин” Батбаатарын шүлэг

МУ-ын гавьяат жүжигчин Батзанын Батзаяа тэнгэрт дэвшжээ. Монголын хошин шогийг түүчээлэн хэрэглээний урлаг болгож нэг алхам урагшуулаад, улмаар түүнийгээ сонгодог урлаг болгох гэж зорьж явсаар амжилгүй, “өрөөлийг ирлэж өөрийгөө элээх билүүний чулуу” мэт дууслаа. Баабартай ах дүүсийн хүүхэд, үеэл гэдгээр нь, эсвэл бидний анд нөхөр төрийн шагналт, гавьяат жүжигчин Сосорбарам нарын багш гэдгээр түүнд саймширч явсангүй. Зүгээр л зүс таних нэгэн байсан…Бид мэтийн нөхдийн сайнаар, муугаар хэлэхээс үл хамаарах Батзаяа шиг Монголын суут хүмүүсийг тэнгэрт дэвшихэд бид заавал зул өргөдөг. Бас “бадарчин” Батбаатарын 2000 онд яруу найрагч Нямсүрэн гуайг тэнгэрт дэвшихэд зориулж бичсэн шүлгийг эргүүлж нэг хардаг билээ. Энэ нь магадгүй, өөрсдийнхөө “дотор хүн”-ийг таних гэсэн оролдлого байж мэднэ.

 

Зүүн Монголын гайхамшиг үгүй болов

Зүйрлэн хэтрүүлж магтах сэтгэл зусар боловч

Найраг шүлгийн тэргүүн сүмбэр орой

Наранд гялалзах мөнх цасгүй хоцров

Ард түмэн дэлгэр баян, дэндүү олон учраас

Авьяас билэгтэн үхсэн ч  тоохгүй, даанч ядуу учраас

Ахиж тийм гэгээрэл бийрийн үзүүрт төрөхгүй

Алтан шаргал үнэгний сүүлээ шарвах үзэсгэлэн

Арилсан бурхны солонго Эрээнцавд минь тусахгүй

 

Зай гарсан тул шахалдсан хүмүүс баяртай холхив

Зартай зохиосон шүлгийг бичээгүй учраас хортой дурсав

Хүн бүхэн л дуртай нь аргагүй гаслан шогширч

Хөдөлмөрч даруу тусч нөхөрсгөөр гашуудан ёслов

 

Хүрд мааниа даахгүй гол нь чихран эргэх

Хүзүү тэргүүнээ дийлэхгүй доор бөхийн хоцров

Хөх Монголын найрагч ийнхүү Манзушир болов

Хөсөг тэрэгний зам Сугавадийн хил нэвтрэв.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close