Гвардиола: Заримдаа зоос бидний хүссэн талаар буудаг

Английн Премьер лигийн “Арсенал”-“Манчестер Сити”-гийн тоглолт зочин багийн хожлоор буюу 1:2-оор өндөрлөлөө. Шүүгчийн нэмсэн гурав дахь минутад Родри хожлын гоолыг оруулсан.

Тоглолтын 59 дэх минутад “Арсенал”-ын хамгаалагч Габриэл Магальяэс улаан хуудас хүртснээр арвуулаа үлдсэн ч лигийг тэргүүлж буй хүчтэй багийн эсрэг “Их буучид” нэн сайн тоглолоо. Үүнийг “Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола ч тоглолтын дараагаар хүлээн зөвшөөрчээ.

“Тэд биднээс илүү байлаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эхний дөрөвт багтахад ч хэцүү байсан баг бидний эсрэг туллаа. Улирлыг маш муу эхлүүлсэн ч одоо формдоо оржээ.

Гэхдээ тэдэнд “Норвич”-ийг хожсоноосоо хойш зургаан хоног амарч, бэлтгэл хийх хугацаа байлаа. Харин бид хоёр л хоногийн дараагаар дахиад талбайд гарлаа. Бид ядралттай байлаа. Эрч хүч дутагдлаа. Ядралттай байсан учир бөмбөгийг давуу эзэмшихийн тулд нэмж нэг тоглогч төв дээр гаргасан юм.

“Арсенал” бол хамгаалалтаас довтолгоонд маш хурдан шилждэг баг. Биеийн бэлтгэл ч их сайтай. Тиймээс тэдний эсрэг тоглох хэцүү. Гэвч минутын дотор л пенальти, улаан хуудас гээд өрнөлөө. Заримдаа зоос шидэхэд бидний хүссэн талаар буудаг. Өнөөдөр яг л тийм явдал боллоо. Ийм формтой байгаа “Арсенал”-ыг хожно гэдэг бол том ялалт. Одоо бид амрах хэрэгтэй.

Ер нь бид 90 дэх минут юмуу түүнээс хойш гоол хийж хождог баг биш шүү дээ. Хоёр гурван жилийн өмнө Стерлинг “Саутхэмптон”-д нэмэлт минутад гоол оруулж хожиж байснаас хойш бид ингэж хожоогүй шиг санагдана. Гэхдээ өнөөдөр тэд арвуулаа хэрнээ маш сайн тоглож, бидэнд хожихын тулд тэдний алдааг хүлээх л үлдлээ.

Тэдний пенальти заах ёстой гээд байсан агшинг би хараагүй. Учир нь дэлгэц дээр харуулаагүй шүү дээ. Харин Бернардо дээр бол пенальти заахаар хэмжээний алдаа гарсан. Одегар дээр яасныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй” хэмээн Гвардиола өгүүлжээ.

Р.Гэгээ

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close