С.Жамбалжамц: Тамирчин шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй байх ёстой

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Мэргэжлийн дугуйн спортын “Гюндогмусын Гранпри” тэмцээнд хүрэл медаль хүртсэн Малайзын “Terengganu” багт уралддаг, ОУХМ С.Жамбалжамцийг урилаа. Тэрбээр Азийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл, оюутны ААШТ-ээс нэг мөнгө, “Tour of Thailand-2021” тэмцээний аварга болж байсан өсөх ирээдүйтэй тамирчин юм.

 

-Бэлтгэлээ сайн хангаж энэ уралдаанд түрүүлсэн танай багийнхан болон хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Энэ жилийн дугуйн олон өдрийн уралдааны гол онцлог нь юу байв?

-Грекийн “Тур Хеллас” мэргэжлийн олон өдрийн тэмцээнд манай “Terengganu” Малайзын баг маань Азийн төлөөлөл болж урилгаар амжилттай оролцоод ирлээ. Евро турын мэргэжлийн тэмцээнд тэр болгон Азийн багийг урих нь ховор байдаг. Манай баг 2019-2022 онд Азидаа чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, 11 дэх жилдээ тогтвортой уралдаж байгаа туршлагатай. Энэ удаагийн уралдааны хувьд таван өдөрт 859 км-ийг тууллаа. Техникийн саатлаас шалтгаалан хоёр болон тавдугаар гараанд нийлбэр цагийн байрлал хойшилсон ч тэмцээн амжилттай болж өндөрлөсөн.

-Багийн спортод хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Шигшээ багийнхны хувьд уралдааны тактикаа хэрхэн боловсруулсан бэ?

-Тамирчдын сонгон шалгаруулалтыг багийн менежер, дасгалжуулагч шийддэг бол тэмцээний явцад багийн лидер уралдааны тактикийг боловсруулдаг. Тиймээс бид багийн лидерийнхээ боловсруулсан зөв тактикийн дагуу уралдаж, амжилт гаргасандаа баяртай байна.

-Дугуйгаар уралдаж буй учир зам их чухал байх. Тэмцээн болсон газар зам болоод цаг агаар нь ямар байв?

-Азийн ихэнх тэмцээн хурдны зам, өргөн зам дээр болдог бол Европчууд ихэвчлэн уултай, нарийн, эргэлт ихтэй зам дээр тэмцээнээ зохиодог онцлогтой. Тиймээс энэ удаагийн тэмцээн биднээс илүү их техник, хүч, тэвчээр шаардсан уралдаан боллоо.

-Зарим тамирчид бэрхшээлээс шантраад уралдаанаа дуусгаж чадахгүй болих тохиолдол байдаг.Таны хувьд уралдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалж байв?

-Мэргэжлийн тамирчид байнгын өндөр бэлтгэлтэй  байдаг. Нэгэнт л өөрийнх нь хүсч, зорьсон спорт учраас шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй байх ёстой гэж би боддог. Би ч энэ зарчмаар л уралдаанд гардаг. Харин энэ удаагийн тэмцээнд 133 тамирчин гараанаас гарснаас ямар нэгэн шалтгаанаар 30 нь замаасаа гарч, тэмцээнээ дуусгасан.

-Дугуйн спортоор хичээллэхэд зардал ихтэй. Тухайлбал, та уралдаанд оролцохдоо хэр хэмжээний зардал гаргадаг вэ?

-Миний хувьд анх 15 настайдаа Спортын дунд сургуульд ОУХМ Б.Болдбаатар багш дээр бэлтгэл хийж эхэлсэн. Тодорхой түвшинд хүрч, дугуйн мэргэжлийн клубт ортлоо дугуй болон тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргадаг байсан. Харин одоо гадагшаа тэмцээнд оролцох зардал, дугуй хэрэглэлийг мэргэжлийн баг болон “Алдар” спорт хороо, тивийн аваргын тэмцээний зардлыг Монголын дугуйн холбоо шийдэж байгаа. Би найман жилийн бэлтгэл, хичээл зүтгэлийнхээ хүчинд анх 2018 оноос Тайванийн хагас мэргэжлийн “RTS-Santic” багаас уралдах урилга авч мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Эхлээд өөрийн хүсэл сонирхлоор хичээллэж байсан бол одоо мэргэжлээ болгоод ажиллаж байна.

-Алдрын оргил өөд тэмүүлж яваа танд бодож, төлөвлөсөн зүйл олон байгаа байх?

-Би тухайн цагт чаддаг зүйлийнхээ гүйцэтгэлийг л сайн хийхийг хичээдэг. Тиймээс тэмцээнүүддээ амжилттай оролцож, тусалж, дэмждэг хүмүүстээ амжилтаараа талархлаа илэрхийлмээр байна. Мөн Монголынхоо нэрийг илүү тодоор дуудуулж, тугаа өндөрт өргөхийн төлөө илүү хичээнэ гэдгээ хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close