Үндсэн хуулийн өөрчлөлт ба Байлдагчаас ЗХ-ий Ерөнхий командлагч болсон У.Хүрэлсүх

Төрийн ордонд чуулдаг УИХ-д суудалтай гурван Нам болон Төрийн ордонд шууд нэвтрэх үнэмлэхгүй даргатай (Төрийн тусгай хамгаалалтын алба зөвшөөрөл өгдөггүй гэсэн) парламентад суудалгүй бусад 18 нам хамтран Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Тунхаг бичиг гаргалаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг эдгээр 21 намын нөлөө бүхий улстөрчид сүүлийн арваад жилийн туршид Ерөнхийлөгчийг нийт сонгогчдын шууд саналаар бус УИХ-аас сонгодог болгох өөрчлөлтийг Үндсэн хуульд удахгүй оруулна, энэ өөрчлөлт нь парламентын засаглалтай манай улсад чухал ач холбогдолтой гэсэн улстөрийн лекцийг олон газар, олон нийтэд олонтаа уншсан. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохын өмнө их ч ярьсан, гэвч Г.Занданшатар даргатай 2016-2020 оны УИХ-ын гишүүд тухайд үед ярьсан шигээ өөрчлөлт хийгээгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нийт сонгогчдын саналаар нэг удаа сонгох шинэ заалт оруулсан. 2019 оны шинэ Үндсэн хуулийн дагуу 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж гурван нэр дэвшигчээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн байранд очиж шууд, чөлөөтэй, нууцаар санал өгсөн нийт сонгогчдын 67,76 хувийн санал авч ялалт байгуулсан.

1985 онд Батлан хамгаалах сургуулийн босго алхаж сонсогч болж, 1989 онд улстөр судлаач мэргэжилтэй боловсон хүчин болон төгссөн У.Хүрэлсүх нь ийнхүү 2021-2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өндөр алба хашихаар болсон билээ.

Улстөрийн 21 намын Тунхагаас харахад Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг бүрэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа 2027 оноос эхлэн Ерөнхийлөгчийг нийт сонгогчийн саналаар бус Парламентаас сонгодог болох өөрчлөлт наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төсөлд багтахгүй гэж шууд ойлгогдож байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, эрх баригч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бас бус нөхөд “Уг нь Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог өөрчлөлт оруулмаар байна. Даанч иргэдийн нууцаар НИЙТЭЭРЭЭ, ЧӨЛӨӨТЭЙ, ШУУД СОНГОХ эрхийг зуун хувь хурааж авахад хүргэж байна” гэж сонгогчдодоо хайр зарлаж эхэллээ.

Харин УИХ-ын гишүүдийг нууцаар НИЙТЭЭРЭЭ, ЧӨЛӨӨТЭЙ, ШУУД СОНГОХ эрхийг Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр хагаслан хурааж авна, сонгуулийн насны иргэд Гишүүн болохоор горилогч нэр дэвшигчийн төлөө шууд, түүнчлэн Нам, эвслийн төлөө санал өгдөг өөрчлөлтийг Үндсэн хуульд шинээр оруулна гэдгээ хоёргүй утгаар шууд ойлгогдохоор зарлаж эхэллээ. Дашрамд одоогийн Үндсэн хуульд Төрийн тэргүүн, Парламентын гишүүдийг сонгох талаар хэрхэн заасныг иш татъя.

___ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд

  • НИЙТЭЭРЭЭ,
  • ЧӨЛӨӨТЭЙ,
  • ШУУД СОНГОХ эрхтэй оролцож САНАЛАА НУУЦААР гаргана. (Нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаагаар 1 удаа сонгогдоно)

___ УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн төлөө Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд

  • НИЙТЭЭРЭЭ,
  • ЧӨЛӨӨТЭЙ,
  • ШУУД СОНГОХ эрхийн үндсэн дээр САНАЛАА НУУЦААР гаргаж сонгоно. (Нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр 4 жилийн хугацаагаар сонгогдоно).

Олон нийтийн цахим сүлжээний улстөрийн тоймчдын тайлбарыг сонирхоход, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох өөрчлөлт орох нь, амьдрал баян болохоор одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй 2027 оноос өмнө огцрох эрсдэлтэй, энэ нь эрх баригч МАН-д улстөрийн ашиггүй. У.Хүрэлсүх өөрөө энэ эрсдэлийг бас тооцож байгаа. Иймээс Тунхаг гаргасан 21 намын нөхөд Үндсэн хуульд шинээр өөрчлөлт оруулах зорилтот хөтөлбөрөө хэрэгжүүлье гэвэл энэ заалтыг алгасаж, Төрийн тэргүүн У.Хүрэлсүхтэй нэг баг болон ажиллаж урьдчилан яригдаж байгаа УИХ-ын гишүүдийн тоог 150 болгож нэмэх, Сонгуулийн тогтолцоог холимог болгохын тулд хүний төлөө шууд санал өгдөг иргэд сонгогчдын эрхийг 50 хувь бууруулах, түүнчлэн Төрийн морьтой сүлдийг Соёмбо болгон солих өөрчлөлтийг Үндсэн хуульд шинээр оруулах нь зохистой, зохимжтой ажээ.

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close