Ач зээгээ эрхлүүлэх “ажилд” шилжих Төрийн зарим Зангууны насны дээд хязгаар 65 байдаг

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудастаа, тэтгэвэртээ гарч ач зээ нараа эрхлүүлэх насанд хүрсэн зарим Төрийн албан тушаалтан ажлаа өгч, албаа өндөрлүүлж залуучуудад халаагаа тавьж өгөхгүй байгаагийн төлөөлөл болгож нэр үл мэдэгдэх нэг эрхмийг Зангуу ургамалтай зүйрлэж жиргэжээ.

Уламжлалт анагаах ухааны эм тан хийхэд найрлагад ордог Зангуу гэдэг нэн ховор мөлхөө ургамал манай орны говьд цөөн нутагт ургадаг. Таван хошуу малаас хамгийн өвөрмөц идэштэй, өргөстэй харгана бутлаг ургамлын тэжээлтэй тэмээн сүрэг Зангууг нялх ногооноор нь байхад хүүхэд багачууд маань зайрмаг мөхөөлдөс амтлан дурлах мэт хорхойсон иддэг. Зангууны цэвэр агаарын хүчилтөрөгч ялгаруулах нов ногооноороо байх хугацаа нь 30-45 хоног үргэлжилнэ. Удалгүй эргэн тойрондоо 4-6 тооны гадагшаа шовхолсон жад мэт хурц үзүүртэй өргөс бүхий жижиг үрлэн маш хатуу бөмбөгөн Зангуу болж хувирна.

Тус ургамлын үр болох хатуу бөмбөгөн Зангуу хүний биеийн ил байх хэсэг, гар хөлд өргөс болж орно. Амар хялбар авагдахгүй заавал төмөр зүүгээр “мэс ажилбар” хийж байж сугалах шаардлага гарна. Хүний биеийн ил хэсэгт өргөс болж орохоороо ийм түвэг учруулдаг бол өмссөн хувцсанд нь өргөсөөрөө сүлбэж зүүгдэхээргүй салж өгдөггүй бүр илүү яршигтай. Зангуутай газраар явахад машин мотоциклын дугуйнд шигдэж орсон байдгийг олон хүн мэдэх байх аа.

Дугуйнд шигдэж орсон Зангуу ч яах вэ, явдал дундуур нэг мэдэхэд өөрөө сугарч алга болсон байдаг.  Харин биеийн ил хэсэг, хувцсанд орсон Зангуунаас салахын тулд заавал тодорхой ажиллагаа ордог. Гар, хөлөнд орсон өргөс авахад зүүгээ яаж барих, зүү нь бүдүүн тэвнэ биш нарийн байх, цаад угаас нь анх орсон үзүүр лүү чигтэй сүлбэж гаргах гэх мэт патентлагдаагүй аргын шийдэлтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээд байгаа Төрийн албан тушаалын Зангуунаас салах хууль эрх зүйн шийдлийг сонирхъё. Төрийн тухай МУ-ын хуульд Төрийн жинхэнэ албан тушаалыг

  1. Улс төрийн албан тушаал
  2. Төрийн захиргааны албан тушаал
  3. Тусгай албан тушаал гэж гурав ангилдаг байна. Хуульд “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарнь 65 нас байна” гэж заажээ.

Төрийн тухай хуулийн дээрх заалтыг харахад Төрийн захиргааны болон Тусгай албан тушаалтнууд 65 нас хүрмэгц Х.Нямбаатарын хэлээд байгаа Зангуу болон зууралдахгүй ажээ. Ийм учраас сайдын ярьж буй, гэхдээ шууд нэр зааж хэлж чадахгүй болгоомжилж байгаа Зангуу нь Улс төрийн албан тушаалтан болох нь тодорхой. Уг Зангууг МУ-ын Улс төрийн албан тушаалтнуудын дундаас, нэлээд өргөн хүрээнд хайх нь зохимжтой болно. Х.Нямбаатар сайдын Зангууг Төрийн тусгай албан тушаалтан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, нас сүүдэр 65-аас даваад хэдэн он болсон Н.Чинбатыг гэж нэрлэх хүн ч байна. Ер нь Ням сайд Чинбатыг эсвэл Нямыг хэллээ гэж хүний нэр цохож таамаг ярих нь Зөрчлийн хуулиар бусдыг гүтгэсэн хэрэгт өөрсдийгөө унагах эрсдэлтэй гэдгийг цахим сүлжээний идэвхтэн бичээч нартаа сануулъя.

Дашрамд, нас сүүдэр 65 хүрсэн ч тэтгэвэртээ гаралгүй төрийн Зангуу болох нөхцөлтэй, өөрөөр хэлбэл төрийн алба хаах насыг нь Төрийн тухай МУ-ын хуулиар хязгаарлаагүй Улс төрийн албан тушаалтнуудыг танилцуулъя.

1.Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх,

2.УИХ-ын дарга, Даргын зөвлөх,

3.УИХ-ын дэд дарга, гишүүн,

4.Ерөнхий сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн газрын гишүүн, ЗГ-ын ХЭГ-ын дарга, дэд сайд,

  1. Бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч. Аймаг, сум, нийслэл дүүргийн ИТХ-ын дарга, хот тосгоны Захирагч,
  2. Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөр нь үйлчлэх орон тооны Зөвлөх, туслах, Хэвлэл мэдээллийн ажилтан гэж хуульд заасан.

Дээр дурдсан Улс төрийн ажилтнуудаас бусад Төрийн захиргааны болон Тусгай албан тушаалтнууд Х.Нямбаатар сайд мэтийн нөхдүүдэд чичлүүлж төрийн Зангуу болохгүйгээр 66 наснаасаа өмнө тэтгэвэртээ гарч ач зээ нартайгаа налайж суух журамтай юм байна.

 

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close