Дэлхийд гайхагдсан монгол урлаг

Энэ удаагийн “Урлаг” буландаа Үндэсний урлагийн их театрын зуны турш тасралтгүй тоглодог “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтын тухай онцоллоо.

 

“Монгол урлагийн гайхамшиг”-аас эхлэлтэй

Үндэсний урлагийн их театр бол монголчуудын үнэт өв, соёлын дархлаа болсон газар билээ. Учир нь театрын уран бүтээлээс бид ямар онцлогтой үндэстэн болох, ямар агуу түүх, соёлтой гэдгээ мэдэрч чаддаг юм. Уртын дуугаар орчлонг уярааж, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг хосгүй морин хуур энэ театрын бэлгэ тэмдэг. “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт нь “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоос эхтэй ажээ. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид жил бүр жуулчдад зориулж зуны гурван сар тасралтгүй тоглолт хийсээр 10 гаруй жилийг ардаа орхижээ. Энэхүү тоглолт нь монгол соёл, үндэсний урлаг ямар баялаг түүхтэй болохыг гадны жуулчдад сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Анх “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт Ц.Сэвжидийн “Монгол бүжгийн чуулбар” гэсэн бүтээлээр эхэлдэг байв. Үндэстэн, ястны соёл, уламжлалыг шингээсэн өөр, өөр үндэсний хувцастай бүжигчид тайзыг эзэгнэнэ. Захчин, Буриад, Казах, түмний бүжгийн гайхамшиг үргэлжилнэ. Мөн “Урьхан хонгор салхи” хэмээх уртын дууг сонсоход өөрийн эрхгүй төрсөн нутаг, уул усаа санагалздаг байв.

 

Тоглолтын оргил нь “Нүүдэл” бүжиг

“Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөж, огшоосон үзүүлбэр нь Д.Баярбаатарын дэглэсэн “Нүүдэл” бүжиг байв. Олон бүжигчин тайзыг бүчиж, сүр жавхлангаа харуулна. Бүжгийн ая, дэглэлт, гоцлол бүжигчин зэрэг бүх элементүүд хоорондоо нягт уусан нэгдсэн, үйл явдал нь урсгал ус мэт аядуу, жигд хүүрнэлтэй байснаараа онцгой байсан юм. Үүнээс гадна уран нугаралтын үзүүлбэрийг үзээд гайхах, огших, айх мэдрэмж төрсөн юм Үегүй мэт нахилзан нугарах охид дэндүү үзэсгэлэнтэй ажээ. Тэд бие бие дээрээ давхарлан пирамид бүтээх нь гайхалтай. Унахвий гэж өмнөөс нь санаа зовсон үзэгчид үзүүлбэр дуусахад халуун алга ташилтаар охидод талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Жуулчдад зориулсан энэхүү тоглолтын гол онцлог нь тоглолт бүрийн өмнө хийх тайлбар нь англи хэл дээр ажээ. Уран нугаралтын үзүүлбэрийн өмнө тайлбарлагч англиар  “Уран нугаралт нь дотроо урагшаа болон хойшоо нугарах гэсэн хоёр төрөлтэй. X-XI зууны үед хааны ордонд уран нугаралтын үзүүлбэрийг эрэгтэй, эмэгтэй нугараачид үзүүлдэг байсан. Уран нугарахад хүйсийн ялгаа байхгүй” хэмээн тайлбар хийв. Үүнээс гадна морин хуур, цамын бүжиг, уртын дуунд үзэгчдийн сэтгэл хөдөлж байгаа нь ажиглагдана. Ялангуяа морин хуурын тансаг аялгуу эгшиглэхэд танхимд ирсэн үзэгчид нүдээ аниж, тэртээ алс хязгаар, тал нутагт очсон мэт мэдрэмжийг авав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close